Хэрхэн герман хэлний суурьгүй анхан шатнаас B1 түвшинд 5–6 сарын дотор хүрэх вэ?
“Чадна ч гэж бодсон, чадахгүй ч гэж бодсон таны зөв.”- Henry Ford
Миний хувьд 2019 оны 7 дугаар сарын эхэн үеэс герман хэл сурч эхлээд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Гёте институтын B1 түвшний шалгалтыг өгч тэнцсэн. Идэвхитэйгээр герман хэлэндээ анхаарал хандуулсан хугацаа маань 5 сарын хугацаа хэмээн тодорхойлоод байгаа билээ. Ингээд та бүхэнд суухьгүй анхан шатнаас B1 түвшинд хүрсэн өөрийн туршлагаасаа хуваалцаж байна. Энэхүү нийтлэлээ үндсэн 3 хэсэгт хуваагаад зөвхөн герман хэл гэлтгүй шинээр хэл сурахад сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэй талаар ч мөн зөвлөгөө оруулахаар шийдлээ. За ийнхүү нийтлэлээ уншиж сонирхоно уу.
Шинэ хэл сурч эхлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Аливаа хэл сурч эхлэхэд юун түрүүнд өөрөөсөө 2 зүйлийг асуух хэрэгтэй. Нэгдүгээрт, хэл сурах энэхүү “ажил” (бидний өдөр тутам хийх ёстой ажлуудын л нэг хэсэг болно шүүдээ) миний хувьд хэр чухал ажил байх ёстой вэ? Хоёрдугаарт, энэхүү ажилд хандах “хандлага” маань ямар байх ёстой вэ? Хэрэв шинэ хэл сурах нь таны хувьд “тийм ч чухал ажил” биш байгаа тохиолдолд энэхүү нийтлэл танд төдийлөн хэрэг болохгүй л болов уу. Учир нь нэгэнт “тийм ч чухал биш” ангилалд хамаарчихсан тохиолдолд таны “хандлага” тийм ч сайшаамаар зүйл биш байх болно гэдгийг урьдчилан хэлмээр байна. Иймд эхлээд хийж эхлэх гэж буй зүйлийнхээ “үнэ цэнэ”-ийг өөртөө тодорхойлоод, дараа нь бүх хүч чадлаа дайчилж заншаарай. За ингээд сэтгэл зүйгээ бэлдэх тал дээр чухал гэж боддог хэдэн зөвлөгөөг хүргэе.
- “Anxiety”-аас өөрийгөө чөлөөлөх.
Таны сэтгэл зүйн хаа нэгтээ би сайн байж чадах болов уу?, би үүнийг сайн ойлгож чадах болов уу? гэсэн түгшүүр байгаа нь мэдрэгдээд эхэлвэл шууд л энэ бодлоосоо сал! Аль 20 дугаар зуунд л “сэтгэл түгшилт” хэл сурахад маш сөргөөр нөлөөлдөг болохыг баталсан байдаг юм шүү.
2. Өөртөө итгэх.
Энэ магадгүй хамгийн чухал хэсэг нь болов уу. Зорилгоо тодорхойлсон л бол хүрэх хугацаагаа мөн адил өөртөө хатуу тодорхойлох хэрэгтэй байдаг. Тэр тусмаа хэл сурч байгаа тохиолдолд олон жил суралцсан мөртлөө хүссэн түвшиндөө хүрч чадахгүй байх эрсдэлээс сэргийлэх шилдэг арга болдог. Иймд юун түрүүнд “чадна” гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй.Нэгэнт та чадна гэдэгтээ итгэсэн бол туулах замын тань хагас нь л үлдлээ гэсэн үг.
Энэ тухай дэлгэрэнгүй судлахыг хүсвэл уг номыг санал болгож байна.
Шинээр хэл сурахдаа хэрхэн системтэйгээр суралцах вэ?
“Боловсрол гэдэг бол орчныхоо тухай системтэй зөв ойлголттой болохыг хэлнэ” хэмээн нийтлэлч Б.Баабар тэмдэглэсэн байдаг. Иймд аливаа хэлийг суралцахаар шийдсэн л бол бүтэц, онцлог зэргийн талаар зөв шат дараалалтайгаар суралцах нь хамгийн зөв алхам гэж боддог. Иймд миний хувьд сайн багшийн удирдлага дор “сууриа” системтэйгээр тавих нь чухал шүү гэж зөвлөмөөр байна.
- Дүрмийн хувьд
Мэдээж герман хэлний онцлог нь нэр үгийг “хүйс”-ээр ялгадаг ба ингэхдээ артикл ашигладаг. Энэхүү артикл нь хувирах замаар тухайн нэр үгний өгүүлбэрт орчуулагдах байдлыг өөрчилдөг. Ерөнхийдөө их дүрэм үзэх, эзэмших шаардлагатай болно гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Танд хэрэг болох сайтуудын хувьд:
А1-ийн дүрэм https://deutschkurse-passau.de/JM/images/stories/SKRIPTEN/a1_skript_gr.pdf
А2-ийн дүрэм https://deutschkurse-passau.de/JM/images/stories/SKRIPTEN/a2_skript_gr.pdf
B1-ийн дүрэм https://deutschkurse-passau.de/JM/images/stories/SKRIPTEN/b1_skript_gr.pdf
Мөн олон дүрэм дунд эхэндээ толгой эргэх боловч яг өөрийг тань будилуулаад байгаа дүрмийг байнга авч явдаг тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэчих хэрэгтэй.
2. Үгийн сангаа сайжруулахын тулд
Өөрийн гэсэн үг цээжлэх арга барилаа тодорхойлоод түүндээ тулгуурлаж үгийн сангаа баяжуулах хэрэгтэй. Жишээ нь миний хувьд үг цээжлэхийн тулд тусад нь цаг гаргалгүйгээр гар утасны “quizlet” аппликейшн ашигладаг. Үүгээр хүмүүсийн бэлтгэсэн үгсийн багцуудыг ашиглан олон янзын сонирхолтой тоглоом тоглох замаар цээжлэх боломжтой. Миний хувьд Англи-Герман орчуулгаар нь цээжилдэг байсан.
Мөн өглөө 5 цагт босоод дадлага руугаа алхах 40–50 минутыг үр дүнтэйгээр ашиглахын тулд өөрийн бэлтгэсэн үгсийн жагсаалтаар “voice recording” хийгээд сонсдог байсан. Мэдээж өглөөний сэргэг байгаа тархиа ашиглан шинэ мэдээлэлийг сонсох мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авч байсан тул их үр дүнтэй санагдсан.
B1-ийн шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?
Юун түрүүнд шалгалтынхаа бүтцийг сайтар ойлгоод өгөгдсөн даалгаварууд таны ямар чадварыг шалгахаар бэлтгэгдсэнийг анзаарах хэрэгтэй. Уг шалгалт нь унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 хэсгээс бүрдэх ба уг хэсэг тус бүр 3–4 даалгавараас бүрдсэн байдаг. Дэлгэрэнгүй оруулвал:
- Унших хэсэг
Энэ хэсэгт бэлдэх хамгийн сайн арга нь жишиг материал дээр ажиллах байдаг л гэж хэлмээр байна. Олон материал ажиллах гэхээс илүү нэг байгаа материалтайгаааа дахин дахин 100 хувь гүйцэтгэдэг болтлоо зууралдах хэрэгтэй. Тухайн материалд байгаа бүх шинэ үгийг түүж бичээд цээжлэх үгнүүд дээрээ нэмж цээжлэх хэрэгтэй шүү.
2. Сонсох хэсэг
Энэ хэсэгт бэлдэх хамгийн амархан болов уу гэж бодож байна. Дуу сонсох, өөрийн соинрхдог төрлийн кино, бичлэг үзэх зэргээр өөрөө ч мэдэлгүй сайжруулах боломжтой чадвар юм. Иймд та youtube-ээс богино хэмжээний үлгэр, бичлэг зэргийг өдөр тутам алгасалгүй үзэж байгаарай!
3. Бичих хэсэг
Бэлтгэл сайтай л байх юм бол айх хэрэггүй. Энэ хэсэгт богино хэмжээний захидал, урилга зэргийг бичдэг тул ямар ч сэдвээр бичих байсан гэсэн эхлүүлэх, төгсгөх үг хэллэг, өгүүлбэрүүдээ урьдчилан бэлдээд цээжилчих хэрэгтэй. Миний хувьд үүндээ зориулсан тусгай дэвтэр нээгээд хэрэг болох боломжтой өгүүлбэрүүдийг түүж бичдэг байсан.
4. Ярих хэсэг
Энэ хэсгийн хувьд хамтрагчтайгаа ямар нэг зүйл төлөвлөх, өгөгдсөн сэдвээр богино илтгэл танилцуулах болон илтгэлийн талаар хамтрагчаасаа асуулт асуух, үзэл бодлоо илэрхийлэх даалгаварууд өгөгддөг. Адилхан шалгуулагчтай хамт ордог учраас шалгалтын уур амьсгал энгийн байсан. Ерөнхийдөө 38–40 сэдвийн хүрээнд илтгэл танилцуулдаг тул энэ хүрээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүсийн бэлдсэн илтгэлийг сонирхохыг хүсвэл:
Түүнчлэн танд хэрэг болох материалууд зөндөө байгаа тул эрэлхийлэгч байгаарай. Мөн та чадна гэдэгтээ хэзээ ч битгий эргэлзэж байгаарай гэж хүсье. Ингээд таны сурах их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. :)
-YOLO-